Гандолгор гэгч бүсгүй өөрт тохиолдсон явдлын тухай доорхи зүйлийг ярьсан юм. Тэрбээр хотын захын гэр хороололд аптек нээн ажиллуулсан биш гай болжээ. Хавар болохоор л орж ирсэн хүн болгоныг айсан нүдээр ширтдэг зуршилтай болсон байна. Энэ нь ч их учиртай юмсанж.
Тэр зургаан жилийн өмнө эмийн сангаа нээн хүмүүст үйлчилж эхэлсэнээс хойш яг хаврын эхэн сард тэр тусмаа гуравдугаар сарын 12-нд жил бүр зургаан хүн нүдэн дээр нь амьсгал хураахыг айж балмагдан харж өнгөрөөсөн байна. Жил болгон өөрийн нь ажлын өрөөнд тогтсон нэг хугацаанд бие муутай хүн орж ирээд амьсгал хураах явдал давтагдан гараад байвал ямар ч хүн айж сэжиглэх нь зүй ёсны хэрэг.

Image result for horror story

Жил дараалаад хоёр хүн нас барахад л тэр даруй ажлынхаа байрыг зарж үрэх юм уу солих нь дамжигггүй. Гэвч Гандолгор угийн сүсэг бишрэл муу, хэрийн юмнаас айж цочирддоггүй хүн болохоор эхний хоёр жил дараалан хаврын эхэн сард ажил дээр нь хүн нас барахад нэг их сүйд майд болсонгүй. Харин гурав дахь жил нь нэгэн өвгөжөөр эр чичирч салгалан орж ирээд “Зүрхний дусаалга…” хэмээн үгээ ч гүйцээж чадалгүй унаад өгөхөд гэнэтхэн сэжиглэж “Яасан сонин юм бэ? Заавал 3-р сарын 12-ны өдөр 14 цаг 30 минутанд энд хүн үхэх юм” гэж гайхан боджээ. Тэглээ гээд аптекаа хааж зүрхэлсэнгүй. Учир нь энэ хугацаанд чамгүй ашигтай ажиллан хоёр давхар байшин бариад нэг давхарт нь аптекаа өргөжүүлээд суучихсан тул байшин саваа хашаа хороотойгоо л зарж үрж байж нүүдэггүй юм бол эндээс хаачих билээ. Гэхдээ л хэрдээ засал ном хийлгээд дөрөв дэх жилтэйгээ золгожээ. Гэвч тэр жилийн хавар, яг гурван сарын 12-ны өдөр үдээс хойш зориуд аптекаа онгойлгосонгүй. Яаж мэдэхэв бас нэг гайтай амьтан орж ирээд үхчихэж мэднэ. Тэгээд ч аптекаа онгойлгоогүй байсанаар нэг хүний амь аврах ч юм бил үү гэж дотроо боджээ.

Image result for horror story

Гэтэл өдрийн хоёр цагийн үед тэдний аптекийн хаалганы гадаах довжоон дээр нэг хүн зүрх нь хаагдан нас барсан хэрэг мандаж цагдаа сэргийлэх болжээ. Энэ бүхний эцэст цагийн хуваарийн дагуу аптекаа онгойлгож байсан бол тэр хүн үхэхгүй амьд байх байсан хэмээн талийгаачийн ар гэрийнхэн гомдоллож Гандолгор хүн амины хэрэгтэн болох шахжээ. Үүний дараа жил тэр хаврын яг л тэр гайтай өдөр аптекийнхаа хаалгыг цэлийтэл нээж орхисон бөгөөд үйл нь ирсэн нэг амьтан яг л 14 цаг 30 минутанд орж ирээд нас барчихжээ. Энэ өдөр яах аргагүй мөчлөг нь таарч байсан учир Гандолгор нэлээн бэлтгэлтэй хүлээж суусан байна. Гэвч хэн ч харсан үхчихээргүй сайхан бие хаатай өндөр бадриун залуу орж ирсэн даруй гэнэтхэн ам нь ангалзаад л амьсгал хурааж орхисон юмсанж. Тиймээс Гандолгор хүн үхээд байгаа явдал дан ганц өвчин хуучтай холбоотой биш өөр юмтай холбоотой юм байна гэж ойлгон янз бүрийн юм бодох болжээ. Тэгтэл ч даарин давс нэмэх мэт хамар хашааны нь аманцар эр “Нэг газар жил болгон нэг өдөр хүн үхнэ гэдэг муу ёр.

Image result for horror story

Үхсэн хүмүүсийн сүнс сүүлд нь тэр айлдаа муу зүйл хийж, хорлодог” гэж ярьсан нь бүр ч эвгүй сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэ бүхнээс сэжиглэж хямарсан Гандолгор бүтэн жилжин лам хараар явж арга хийлгэсэн бөгөөд зургаа дахь жилийнхээ хаврын эхэн сар гармагц таньж мэдэх цагдаа сэргийлэх болон эмнэлэгийн албаны хүмүүст юу болсон тухай хэлж энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнтэйгээр цагийн зүү өдрийн 2 цаг 30 минутыг заахыг хүлээж суусан аж. Хоёр цагдаа, хоёр ч эмч багаж хэрэгсэлээ дор бүрнээ зэхчихээд Гандолгорын хэлсэн үнэн эсэхийг үзэхээр хүрч ирсэн байна. Харин яг тэр үед намхан нуруутай нэг хүн гуйван орж ирээд “Сая танай хажууд явж байтал гэнэтхэн толгой эргээд зүрхээр шархиран хатгаж золтой л цаашаа харсангүй. Уг нь энүүхэн урд буудлаас автобусанд суух гэж байсан юм. Ерөөсөө ингэдэггүй юмсан, ямар сонин юм бэ” хэмээгээд тайвшруулах үйлчилгээтэй эм авч хэлэн доороо тавьчихаад “Ашгүй одоо гайгүй боллоо. Хачин юм аа” гэсээр гарч оджээ.

via GIPHY

Эмийн санд нь зургаа дахь хүн яг л товлосон цагт цаашаа харсаны дараа Гандолгор Баянхошууны зүүн салаанд байх улааны шашны хийд рүү очсон байна. Янз бүрийн бузар мууг дарахдаа сүрхий гэгдэх өвгөжөөр лам түүнийг ярьж дууссаны дараа “Би энэ хачин явдлын учрыг тайлж дийлэхгүй юм шиг байна. Та манай багш дээр очиж асуу” хэмээн багшийнхаа утасны номерийг өгчээ. Гандолгор ная гарсан хөгшин лам дээр очиж өөрийнхөө байшин хашааны учрыг нууц судраар үзүүлбэл “Танай хашааны зүүн буланд яг эмийн сан байгаа байшингийн чинь доор хоёр алдын гүнд үхэл далладаг хар хадагны авдар байна. Түүнийг гаргаж, цоожийг нь солиод өөр газар аваачиж булах хэрэгтэй. Цоожийг нь заавал солино шүү. Уг нь нэлээд юм мэддэг хүн дээр үед булсан зүйл бололтой. Харин он цагийн уртад цоож нь зэвэрч эвдрээд өргөс нь салсанаас болж жил бүр нэг хүний амь авдаг болсон байна. Тэр авдрыг даруйхан ухаж авахгүй бол яваандаа танай гэрийнхэнд хүртэл гай тарьж мэднэ” хэмээн айлгаж орхижээ.

Image result for horror story

Иймээс Гандолгор бушуухан арга хэмжээ авахаар шийдэж тэр даруй эксковатор хөлсөлж аваачаад байшингийнхаа доогуур алсын зайнаас ухуулж эхэлжээ. Гэхдээ ойр хавийн хүмүүс болон хороо хориныхондоо дулааны суваг татуулж байгаа гэж хэлсэн учир хэн ч сэжиг авсангүй. Бүтэн өдөржин ухсаны эцэст нээрээ нэгэн том хар модон авдарын өнцөг ил гарч ирсэн бөгөөд Гандолгор юмыг яаж мэдэхэв хэмээн хөгшин ламыг урин залж авчирчээ. Ингээд авдарыг гаргаж ирэхэд аль хэдийнэ цоож нь цүүтэйгээ хамт мултарч унаад алга болсон байж. Тэнд байсан хүмүүс хэрэгт дурлан тагийг нь сөхөж үзэх гэсэн боловч хөгшин ламтан хориглоод нээлгэсэнгүй. Уртаашаа хоёр метр, өргөөшөө хоёр метр өндрөөшөө нэг метрийн хэмжээтэй хар модон авдарыг өргөгч кранаар оосорлон машин дээр ачаад хотоос хол зүгийн муу зүүн тийшээ аваачиж хүн амьтангүй эл хуль ганганд том хар цоожоор даруулан түгжээд булсан аж. Энэ явдлаас хойш Гандолгор шашин номонд маш их сүжиглэн орж “Номун бэрэвэн” хэмээх хийдийн байнгын үйлчлүүлэгч болжээ. Тэрбээр том хар авдар яагаад тийнхүү газар доор булаастай хэвтэж байсаны учрыг сонирхож хөгшин ламыг үг алдуулахаар нэлээд оролдсон гэдэг. Ламтан анхандаа тэр тухай ер ярихгүй тойруулдаг байсан ч сүүлд нь удаан гуйлгасны эцэст “Монголд долоон газар ийм авдар булаастай бий. Голдуу улааны шашны настайчууд мэднэ. Бас бөөгийн шашны их хүчтэй онгодтой зайрангууд гадарлах байх. Одоогоос таван зуу гаруй жилийн өмнө Манжийн хааны захиалгаар түүний дайснуудыг дарахын тулд Мажиг Ловданмаа хувилгаан арайхийж дарсан үхлийн хадгийг амилуулах нууц зан үйл явагдсан юм. Гэхдээ түвдүүд өмнө нь өөрийн газар нутаг дээрээ тэр зан үйлийг хийгээд дарж чадалгүй зуу гаруй жил үхэл зовлон нүүрлэсэн гашуун туршлагатай учир өөрсдийн газар нутаг дээр үйлдэлгүй манай Монголд хийсэн гэдэг. Үхлийн хадаг амь орж Манжийн хааны дайснууд бүрэн дарагдсан учраас Хятад орон тэр аяараа тэдний эрхшээлд орсон юм.

via GIPHY

Харин энэ үед Өндөр гэгээн Занабазар тэрхүү нууц зан үйлийн хар хадгийг булж дарах ёстой гэсэн лүндэн гаргаж халхаар нэг тарааж булсанаас нэг нь танай байшин доор таарсан байна” гэжярьсан ажээ. Гандолгор одоо хүртэл эмийн сангаа ажиллуулсаар байгаа ч ахиж элдвийн жигтэй явдал тохиолдоогүй юмсанж.

Comments

comments

SHARE