УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.
-ХӨЛДЧИХСӨН ТОЛГОЙТОЙ ГИШҮҮДТЭЙ ХАМТ БАЯРЛААД
СУУЖ БАЙХ ЗАВ АЛГА-
-УИХ-ын гишүүдийн шинэ жилд та яг ямар шалтгааны улмаас орохгүй гэж үзсэн юм бэ?
-Яг юу хийсэн гэж баярлах юм. Одоо баярлаж байх цаг мөн үү. Шинэ жил бол гадны баяр. Гадны баяр тэмдэглээд явж байдаг ямар их зав бэ. Үүнийхээ оронд гишүүд Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэг дээр, Баянхошуу, Толгойт гээд захын хорооллуудаар очих хэрэгтэй. Найрлах мөнгөөрөө тэнд хэцүү байгаа амьдарч буй иргэдэд хоногийн хоол авч өгч болно ш дээ. Тэгэхгүй юмаа гэхэд ядаж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Ер нь насанд хүрсэн хүмүүс шинэ жилээр баярлахыг би буруу гэж үздэг. Хүүхдүүд бол яахав, баярлах хөөрөх нас нь шүү дээ. Гэтэл томчууд нь гадны баяр, соёлд хөлөө хугалчих гээд гүйдэг мөртлөө Монголоо гэхээр хүлээж авахаа байчихсан. Ийм эргэчихсэн, хөлдөөд царцчихсан толгойтой гишүүдтэй хамт найрлаад сууж байх зав надад алга. Ер нь баяр гэж юуг хэлдэг юм. Тэн хагас нь гомдоод өлсөж байхад хэдхэн хүн нь найрлаж цэнгэж буй зүйлийг баяр гэхгүй ээ. Гурван сая гаруй хүн бүгдээрээ сэтгэл хангалуун ижил, тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно.
-Танд УИХ-ын гишүүдийн шинэ жилд очоод, дуулж хуурдан нэг орой сайхан баярлъя гэж үнэхээр бодогдсонгүй юу?
-Би Монголоо ухаардаггүй, Монгол дээлээ өмсөж чаддаггүй, өөрөөсөө өөрчлөгдөхийг хүсдэггүй нөхдүүдэд дуулж өгөхгүй. Миний дууг сонсох тавилан нь хүрэхгүй биз дээ, гишүүдэд. Монголоо цөхрөөж уйлуулчихаад ямар нүүрээрээ ч баярладаг юм, гайхаж байна.
-Танай гэр бүл тэгэхээр шинэ жил тэмдэглэдэггүй гэсэн үг үү?
-Шинэ жил тэмдэглэхтэй манатай олон түмэн ажилгүй хоолгүй цөхрөөд сууж байна. Энэ бүхнийг илүүтэй харж мэдэрч байгаагийн хувьд манай гэр бүл тэмдэглэхгүй.
-Гэхдээ ядаж хүүхдүүдээ баярлуулж, сүлд мод засдаг биз дээ?
-Хүүхдүүд бол баярлах ёстой гэж би өмнө нь хэлсэн.
-Тойргийнхоо хүүхдүүдийг тухайлан баярлуулав уу?
-Миний сүүлийн дөрвөн сарын УИХ-ын гишүүний цалин 6 сая, 168 мянга 844 төгрөг байна. Энэ мөнгөөрөө тойргийнхоо нэн ядуу аж төрж буй, хоногийн хоолгүй байгаа 300 гаруй өрхөд хонины таван цул, толгой, гурил, сүү түлэх түлээгүй байгаа айлуудад түлш өгөхөөр бэлтгэж байна. Би түмэн олондоо хэрэгтэй зүйл хийж чадахгүй байна гэж өөрийгөө чамлаж байгаа учраас цалин авах эрхгүй. Дараачийн сарын цалингаараа “Илгээлтийн эзэд” аяныг үргэлжлүүлж малгүй болсон иргэд рүү хандсан ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Сэтгэл байхад бага багадахгүй бүх зүйл болно доо. Бусад гишүүдийг хэлээд нэмэргүй ч би бас уриалмаар байна. Шаардмаар байна.

-ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН БАТАЛСАН ХУУЛИЙГ ХАР-
-Гэхдээ гишүүн ээ, тойргийнхоо нэгж цэгүүдэд хог ачилцаж эсвэл Монгол дээл өмссөнөөр таны УИХ-ын гишүүний үүрэг биелчихгүй. УИХ-ын гишүүн үндсэн үүргийнхээ хүрээнд тодорхой хууль санаачлах, тойрогтоо тухайлсан зүйлүүдийг хийх зэргээр ажиллах ёстой биш үү?
-За тэгвэл УИХ-ын гишүүдийн ажил хийсэн нь хаана байна. Ажил хийгээд сайхан болгосон нь хаана байгаа юм. Ямар ч зүйл жижгээс эхэлдэг. Хүний нас тэгээс эхэлдэгтэй яг адил. Гараад хог цэвэрлэх сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг бол хамгийн энгийн мөртлөө эх оронч хүн бүрт байх ёстой том хууль. Өөрөөсөө өөрчлөгдөх мэдрэмжтэй байна гэдэг чинь ч мөн зөв зүйл. Монгол хүнд өөрийн өр зүрхний хууль гэж бий. Өнөөдөр С.Жавхлан өнгөн дээрээ “дээл” яриад байгаа юм шиг мөртлөө цаанаа Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье гэдэг асар том уриалга явж байгааг анзаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хүмүүс дээлээ ямар ихээр өмсдөг болов. Энэ нийгэмд яг бодитоор харагдаж байгаа. Чи харж байна уу?
-Харж байгаа.
-Гэтэл өнгөрсөн хугацаанд чиний яриад байгаа хууль баталдаг хүмүүс чинь ямар их газар зарав. Түг түмэн Монголчуудыг хичнээн их гомдоов. Үүнийг харин өөрөө тооцож харж чадсан уу. Үүнийгээ ялгачихаад УИХ-ын гишүүний үндсэн үүрэг энэ тэрээ надтай ярих хэрэгтэй. Яг үндсэндээ хууль дүрэм гэдэг бол таван цул, толгойноос эхэлнэ. Монголчууд “хаан” хоолоо одоо идэхээ больчихоод байна. Би иргэдэд таван цул,толгой цалингаараа авч өгсөнөөрөө Монголчууд “хаан” хоолоо дээдлэхийг уриалж байгаа юм. Цаашлаад “хаан” хувцсаа өмсөх тухай, Дэлхийд “хаан” шиг эвлэлдэн нэгдэх тухай би ярьж байна. Үүнээс илүү хууль хаана байна. Чи надад олоод ирээрэй. Үүнээс илүү сэтгэлийн хууль, амьдрал дээр хэрэгждэг хууль байхгүй.
-Хууль гэхээр арай өөр бодит утгаар нь асуугаад байна?
-Өнөөдөр энэ хулгайчуудын баталсан хуулийг хар. Ард түмний сэтгэл рүү ус цацсан, дарамталсан, амьдрал ахуйд нь нэрмээс болсон хуулиудыг л баталж байна. Монгол ёсоо ярихаар шоолж хөхрөлдөж байгаа энэ улсуудад мянган сайхан хууль оруулаад нэмэргүй байх. Нөгөө талдаа Монголын хууль гурав хоног гэдэг. Энэ нь ямар түүхтэй гэхээр энд нэг зөв хууль гарлаа, түүнийг дэлхий даяараа гурав хоногийн дотор ам дамжиж сонсоод, дагадаг байсан ийм л зөв цаазыг гаргадаг байж, яг энэ зарчим гарцыг Монгол төрд сэрээж сэргээх буцааж авч ирэх гэсэн чин хүсэл яваад байна. Иргэн бүрээ даатгаж бүгдийн тэгш зөв аваад явах хууль удахгүй санаачлагдаад явна хараарай.

Image result for С. Жавхлан

-С.ЖАВХЛАНГ МОРЬ УНАХААР ХОМООЛЫГ НЬ Л ОЛЖ ХАРДАГ…-
-Таныг ойлгож байна. Гэхдээ та иймэрхүү зүйл яриад яваад байхаар тойрогт тань тухайлсан ажлууд хийгдэж чадах болов уу л гэж асуугаад байна?
-Би ажлаа хийгээд л явж байгаа.
-Тухайлбал?
-Өөрөө ямар ажлыг ажил хийсэнд тооцдог юм. Яг үүнийг тэр чигээр нь ярилцлагандаа буулгаарай. Ажил маш олон янз. Оюун санаа, сэтгэлзүй, уриа дуудлага, сургалт халамжийн, адагт нь бүтээн байгуулалтын гэхчлэн ангилж болно. Өөрөө яг аль ажлыг нь яриад байгаа юм?
-Тойргийнхоо ард түмнээс итгэл хүлээж УИХ-д суусан гишүүн улсын төсөвт ядаж ганц цэцэрлэгийн төсөв суулгахаас өгсүүлээд зөндөө л асуудал байна гэж бодох юм?
-Уутыг нь эргүүлж гөвөөд бүрэн хулгайлчихсан, улайчихсан данстай төрөөс яг юу гаргуулж, юу хийлгэх гээд байгаа юм. Төсөвт мөнгө суулгаад тойрогтоо цэцэрлэг барь л гэж өөрөө надад хэлэх гээд байгаа бололтой. Төсөвт одоо ямар ч мөнгө алга гээд л хувхай нүүрлээд байгаа мөртлөө өөрсдөө цэнгэж найрлаад байгааг та бүхэн харж байна уу. Бүгдийг нь яг ийм байдлаар идчихсэн. Дээрээс нь бие даагч гишүүн ямар их ганцаардаж байгааг харж байгаа биз дээ. Тэгэхээр та надаас ямар ажил шаардаад байгаа юм. Би Монгол түмэнд хандсан оюун санааны ажлуудаа тууштай хийж байна. Бүтээн байгуулалтын, сургалт, халамжийн ажлуудаас С.Жавхлан оюун санааны ажлыг илүүд үздэг учраас хийгээд явж байна. “Сэтгэл зүрхийг нь мэдээд биеийг нь мэд…” гээд сургааль цааш явдаг биз, өөрөө ч гэсэн дээлээ өмс, дээлээ оё гэж танд хэлмээр байна.
-Шүүмжлэлийг хүлээж авлаа. Ингэхэд гишүүн ээ, та уурлаад байгаа юм уу. Сэтгүүлчийнхээ хувиар би олон нийт сонирхож буй асуултуудыг л танаас асуугаад байна?
-Би уурлаагүй. Чамд бусад УИХ-ын гишүүдтэй адилхан нийгмээсээ хоцорчихоод байгааг санууллаа. Энэ сэтгүүлч нар УИХ-ын гишүүдтэй адилхан олноосоо хоцорчихсон байна. Үүнийг заавал бичээрэй.
-Гэхдээ зарим зүйл дээр жаахан наанатай, цаанатай хандах хэрэгтэй биш үү. Жишээ нь, та шинжлэх ухаан хөгжчихөөд байхад чуулганы индэр дээрээс “Монголчууд шээсээ уух хэрэгтэй” гэхчлэн ярьж буй нь зөв үйлдэл үү?
-Өөрөө ээжийнхээ өлөн шээсийг ууж байгаагүй юу. Баталгаагүй хаана хийсэн нь мэдэхгүй зохисгүй эмийн хэрэглээ хэт их газар авсан байна. Халууны эм авч ууж, мөнгө үрж байхын оронд эхийнхээ шээсийг уугаад, агуу их Монгол ёс уламжлалаараа өвчнөө анагаа л гэсэн. Мөн цэвэр шар сүү, булгийн цэвэр ус, гэхчлэн би тэр өдөр зөндөө олон зүйлийг хөндөж ярьсан. Зөвхөн шээсийг нь яагаад олж хараад байгаа юм. С.Жавхланг морь унахаар хомоолыг нь л олж хардаг, хог түүхээр доошоо орлоо гэдэг. Түмэн олныхоо уламжлалт зан заншлыг сэргээе, мөнгөнөөс илүү алт шиг ухаан явдаг юм шүү гэж хэлэхээр зөвхөн шээс “уу” гэлээ гээд л мушгих юм. Шээс уухгүйгээр нойр булчирхай нь дэлбэрээд, цөс олгойгоо авч чулуудуулаад амьдарцгааж болно ш тээ. Энэ муу цагийг гэтэлгэх зөв гарцыг л би хэлээд байгаа юм. Чадахгүй бол чадахгүйгээ хэлээд л явцгаах хэрэгтэй дээ. Заавал С.Жавхланг дагах албагүй. Би бас дагаад өг гэж хэн хүнийг албадаагүй.

Image result for С. Жавхлан

-ЖИНХЭНЭ ЗӨВ УЛСТӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭГ С.ЖАВХЛАН ЯРЬЖ БАЙГАА-
-Та УИХ-ын гишүүний хувиар тодорхой зөвлөхүүдтэй ажиллаж байгаа юу?
-Монголын гурван сая гаруй түмэн олноос энэ хулгайч ерөнхийлөгч, УИХ-ын бусад гишүүд зэргийг оруулаад 100-д хүн хасчих. Бусад нь бүгд миний зөвлөгч. Юм ойлгодоггүй зуун луйварчин байна. Эднийг л гурван сая гаруй иргэдээсээ хасахаар миний зөвлөхүүдийн тоо гараад ирнэ.
-УИХ-ын гишүүдтэй учир эвээ ололцоод ажиллахад ямар байна. Зарим нь таныг шүүмжилж байхад нэр бүхий гишүүд хэлсэн үгийг тань дэмжиж буйгаа илэрхийлсэн байдаг?
-Үнэхээр миний хэлсэн зүйлсийг сэтгэл оюундаа тунгааж байгаа бол Монголоо өөртөө сэрээх хэрэгтэй. Түүнээс биш С.Жавхлан өөрийгөө шүтүүлэх гээд байгаа юм биш. Түмнээрээ нийлж, нэгдэж байгаад Монголоо шүтье л гээд байгаа юм.
-Та энэ үзлээ УИХ-ын гишүүнийхээ хувиар тууштай яриад явахад тодорхой өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна уу?
-Хамаг Монгол даяараа монгол дээлээ өмсөж байгаад сар шинээ тэмдэглье гэх зэргээр улам л хүчээ авч байна. Өөрчлөгдөх эсэхээ өөрсдөө мэднэ биз. Монгол сэрж буй энэ цагт битгий хоцроорой л гэж хэлмээр байна. Жинхэнэ зөв улстөрийн хэм хэмжээг С.Жавхлан ярьж байгаа. Жинхэнэ төрт ёсыг ярьж уриалж байна. Үүнийг мэдрэхгүй хөшиж даапаалж доог болгож байгаа бол хохь л гэж хэлнэ. Нөгөө талаасаа тэр хүн өөрийгөө хуураад яваад байна гэсэн үг, цаг хугацаагаа алдаад Монголоо Монголоор нь үлдээх тэр түүхийг бүтээхийг хүсэхгүй байна л гэсэн үг. Ийм нөхдүүд түүх болж үлдэхгүй ээ. Монголын төрт ёс гэдэг чинь Мандах төрийн малгайтайгаа, бүтэх төрийн бүстэйгээ, дэвших төрийн дээлтэйгээ байх ёстой юм. Харин одоо эд нар “Пяхлуу шиг төрийн пиджак, завхарсан төрийн зангиа, төөрсөн төрийн тэлээ” зүүчихээд тархи нь царцчихаад улс төрчийн хоосон дүрд тоглоод л яваад байна. Монголын төрт ёсыг жинхэнэ төрт ёс болгох гэж, Монгол монголоороо сэргэх тухай, яаж мандан бадарч, биднийг хямраагаад байгаа хүмүүс, энэ төөрсөн сэтгэлзүйгээс салах тухай би хэлж сануулаад байна. Ийм зүйлийг жинхэнэ төрт ёсны зүйл гэж тооцно уу, эсвэл морь унасан хөдөөний баагий солиороод байна гэж ухна уу, ухааных нь хэр хэмжээний л хэрэг. Хүссэн эс хүссэн ч ийм цаг ирнэ.

Image result for С. Жавхлан

Comments

comments

SHARE